Өөр хэл дээр байтугай эх хэл дээрээ бүтэн ном уншиж дуусгах нь тэвчээр шаарддаг шүү дээ.
Уншаад л байсан хэрнээ яг юу уншсанаа ойлголгүй дахин дахин унших шаардлага гарч байсан л биз дээ. Тэгвэл бид энэ удаагийн нийтлэлдээ илүү үр дүнтэй, хялбараар унших 5 аргыг танилцуулж байна.
1.Ямар нэг зорилготойгоор унших
Номоо чанартай унших, тухайн номын гол санааг ойлгохын тулд миний хувьд хэрэглэдэг эхний арга бол тухайн номыг яагаад уншиж байгаа билээ гэдгээ тодорхойлох явдал юм. Унших гэж буй номоо дараах гурван бүлгийн аль нэгт нь хамааруулах хэрэгтэй.
Ур чадвар суулгах, мэдлэг олгох зорилготой ном (Шинжлэх ухаанч мэдээлэл агуулж байдаг танин мэдэхүйн номнууд)
Хүмүүсийн алдаа оноог дэнсэлсэн амжилтын түүхүүд
Үйл явдлыг өөр өнцгөөс тайлбарлан, гүн гүнзгий мэдрэмж өгөх ном(Голдуу уран зохиолын ном, үлгэрүүд)
Хэрэв та унших гэж буй номоо өмнө нь эдгээр ангилалд хуваан авч үзвэл яг юу унших гээд байгаагаа тархин дотроо боловсруулан, тодорхой хэмжээний бэлтгэлтэй болно гэсэн үг юм.
2.Таамаглах
Номоо уншихаас өмнө энэ сэдвийн хүрээнд би юу мэддэг билээ гэдгээ эргэцүүлэх хэрэгтэй. Унших явцад таны мэддэг баримт жишээ гарч ирвэл түүнийг дахин унших шаардлагагүй бөгөөд түүнийг хэрхэн өөр агуулгатай холбосныг нь уншаарай. Үүнээс гадна ямар төрлийн ном бичвэр байхаас үл хамааран цааш нь хэрхэн өрнөх талаар таамаглах нь цаашид авах мэдээллийг тархинд илүү удаан хадгалж өгдөг.
3.Зураглах
Энэ нь та уншиж буй номынхоо мэдээллийг бүдүүвчлэн тэмдэглэх арга юм. Бүтэн бичвэр уншсанаас хүснэгт, диаграм, бүдүүвч харахад илүү хүрдан цэгцтэй мэдээлэл авдаг шүү дээ. Та хэрэгтэй зүйлсээ зураглан тэмдэглэх явцдаа өөрөө ч мэдээгүй байсан санаануудыг олдог бөгөөд энэ нь тархинд мэдээлэл илүү удаан хадгалагдаг нөхцлийг бүрдүүлдэг. Ямар ч хамаагүй их мэдлэгийг техник техонологи хөгжсөн энэ цаг үед ямар ч аргаар авах боломжтой. Харин таны бусдаас ялгарах чадвар бол түүнийг тархиндаа эмх цэгцтэй байршуулах явдал юм.
4.Гол санааг олох
Аливаа номны утга санаа гол санаатайгаа уялддаг. Тиймээс уран зохиол уншиж байгаа бол бүлэг болгоны гол санааг олох хэрэгтэй. Харин танин мэдэхүйн ном уншиж байвал удиртгал хэсэг дээр нь гол санааг ерөнхийлөн бичсэн байдаг. Үүнтэй танилцсанаар цаашид ойлгоход илүү хялбар болдог. Та энэ чадварыг эзэмшсэнээр олон улсын англи хэлний шалгалтуудад ихэвчлэн тохиолддог даалгавруудыг хийхэд өөрийгөө давхар бэлдэж байна гэсэн үг юм.
5.Асуулт тавих
Өөрийн доторх сониуч зангаа ил гаргах нь чухал. Цаашаа үйл явдал хэрхэн өрнөх бол? Энэ дүр яагаад ийм сонголт хийв? Яагаад ийм асуудал үүсэх болов? гэх мэт. Тэдгээр асуултынхаа мөрөөр эрэл хайгуул хийж уншвал танд илүү ойлгомжтой бөгөөд сонирхолтой байх болно. Мөн зохиолчийн илэрхийлэх гэсэн санаанаас өөрөөр өөрийн өнцгөөр дотроо тунгаан бодож, бүтээлчээр уншаарай.
Эдгээр аргууд нь англи хэл дээр төдийгүй эх хэл дээрээ илүү сайн уншдаг болоход тань тусална гэж найдаж байна. Танд амжилт хүсье.
Comments